Wednesday, December 16, 2009

Гар утас авахын тулд зургаахан хоногтой хүүгээ худалдсан хэрэг Хятадад гарчээ

Манай урд хөрш БНХАУ-ын Чунцинь хотод амьдардаг залуу хосууд хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан хүүгээ 2500 юань /366 ам.доллар/-иар худалдсан хэрэг гарчээ. Хотын цагдаа нарын мэдэгдсэнээр хосууд хийсэн үйлдэлдээ гэмшиж, ихэд харамсч байгаа ба хүүхдээ эргүүлж авахыг хүсэх болсон гэнэ. Бяцхан хүүгийн ээжийг Жан Яоа гэдэг 19 настай, харин эцэг нь Синь овогтой, 21 настай залуу байдаг ажээ. Хосууд интернэтээр танилцсан бөгөөд удалгүй дотно харьцаатай болж, Жан өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр амаржиж, хүү төрүүлсэн байна. Гэхдээ хосууд албан ёсоор гэрлээгүй гэнэ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр хосууд хүүхдээ өсгөх чадваргүй, санхүүгийн хувьд боломжгүй хэмээн үзэж, хүүгээ хүнд өгөхөөр шийджээ. Тэгээд хүүгээ төрснөөс хойш зургаахан хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 2-нд Ли Юун гэгч залууд 2500 юаниар худалдсан байна. Харин Ли бяцхан хүүг 10 мянган юаниар худалдахыг завдаж байсан ба хөрш айлынхан нь үүнийг олж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан аж. Цагдаа нарын мөрдөн байцаалтын явцад Жан, Синь нар тодорхой эрхэлсэн ажилгүй, ихэнх цагийг интернэтэд өнгөрүүлдэг болох нь тогтоогджээ. Хосуудын эцэг, эх тэдэнд тусалж, дэмжихээс татгалзсан учир хосууд хүүгээ бусдад худалдахаар шийдсэн байна. Синь цагдаа нарт мэдүүлснээр хүүгээ зарж олсон 2500 юаниар гар утас худалдаж авсан гэнэ. Хүү өдгөө асрамжийн газарт байгаа бөгөөд биеийн байдал маш сайн байгаа ажээ.

No comments:

Post a Comment