Wednesday, December 16, 2009

Байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн тухай хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав танилцуулсан юм. Үүний дараа байр сууриа илэрхийлсэн эрхэм гишүүдийн дийлэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг хүссэнгүй. Хуралдаанд оролцсон 13 гишүүнээс эрхэм гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин нараас бусад нь хоригийг хүлээж авахгүйн төлөө санал өгөв. Хэдийгээр гишүүн Д.Энхбат 76 тэрбум төгрөгийн эсрэг саналтай байсан ч тэрбээр тус байнгын хорооны гишүүн биш тул санал өгөх эрхгүй байсан юм. Хоригийг хүлээж авахгүй гэсэн саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хоригийн талаар ямар байр суурьтай байсныг тоймлон хүргэе.

Гишүүн Ж.Сүхбаатар: -Бид өөрсдийн сонгогдсон бүрэн эрхийн дагуу, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр төсөвт хөрөнгө суулгадаг. Тэрбум төгрөг бол миний мөнгө биш. Хууль санаачлагч зөвхөн УИХ-ын гишүүн биш, Засгийн газар ч, Монгол Улсын Ерөнхийлөгч ч мөн. Би өнөөдөр үйлчилж байгаа сонгуулийн хуулиар бол нийт Монголын ард иргэдийн төдийгүй тойргийнхоо сонгогчдын өмнө их хариуцлага хүлээсэн хүн. Тиймээс нэг тэрбум төгрөг тойрогт хэрэгтэй. Би хариуцлага хүлээснээрээ муухай харагдаад, Ерөнхийлөгч хориг тавьснаараа гоё харагдах ёсгүй. Дархан-Уул аймагт аль социализмын үеийн спортын ордон бий. Түүнийг шинэчлэхэд хөрөнгө хэрэгтэй. Гэтэл Дарханаас арван хэд дахин жижиг суманд спортын ордон барьж л байна. Төсөв хөрөнгө багаас болж сонгогчид надад уурлаж бухимддаг. Хэрэв ууж идсэн гишүүн байгаа бол хэвлэл мэдээллийнхэн, Авлигатай тэмцэх газрынхан яваад олж улайлгах хэрэгтэй.

Гишүүн Ч.Сайханбилэг: -Асуудлыг хоёр хувааж үзмээр байна. Бүлэг дээр ч энэ талаар ярьсан. Д.Дорлигжав дарга Төсвийн хууль нь хуулийн хувьд зөв, агуулгын хувьд буруу гэж байна. Үүнтэй санал нэг байна. Эндээс хоригийг хүлээж авах хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг бодох хэрэгтэй. Бусад асуудал, хөрөнгө оруулалтын талаас нь Төсвийн байнгын хороон дээр ярих ёстой. Харин хууль зөрчөөгүй, хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг талаас Хууль зүйн байнгын хороогоор ярих ёстой. Хөрөнгө оруулалтын энэ маргааны үндэс суурийг таслан зогсоохгүй бол үр дагавар нь арилахгүй. Сонгогчид нь УИХ-ын гишүүнээсээ худаг, дээвэр, сургууль нэхдэггүй болсон тэр үед л ийм маргаан гарахаа болино. Гишүүд өргөдөл, санал, гомдолд дарагддаг.

Ирэх жил хоёр тэрбум, түүний дараа жил дөрвөн тэрбум төгрөг болгох санал тавина. Энэ мөнгө арван саяас нэг тэрбум төгрөг болж өсч байна. Нэмэх ёстой. Зэрлэг ургамлыг үндсээр нь сугалахгүй бол болохгүй. Бид таван удаагийн сонгуулиар мажоритар системийн сайн, мууг үзлээ. Одоо бол пропорциональ юм уу холимог систем рүү орж дахин хоёр гурван цикл үзэх ёстой. Гишүүд Шинэ Улаанбаатар зэрэг санал гаргаж ирэхэд өөдөөс сөргүүлээд шинэ хөдөө гэх мэтээр тойргийн асуудал тавьдаг. Сонгуулийнхаа одоогийн тогтолцоог өөрчилж Төсвийн хуулиа шинэчлэх ёстой. Үүнийг нийгмээрээ ярих ёстой. Энэ асуудлыг тойрч бүтэн жил яриасай гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээх авах ёсгүй. Сонгуулийнхаа тогтолцоотой ноцолдох ёстой. Одоо хоригийг хүлээж аваад мартаж болно. Гэтэл ирэх намар дахиад л мөнгөний асуудал гарч ирнэ. Сонгуулийн тогтолцоог сольё гэж хэдэн жил ярилаа. Зориг гаргаад үүнийг шийдвэл гишүүд тойргийн өмнө мөнгө төгрөгийн хариуцлага хүлээхгүй болно. Хоригийг дэмжихгүй.

Гишүүн Х.Тэмүүжин: -Хуулийн хувьд зөрчилгүй байж болно. Гэтэл процедурын зарчим дээр алдаа байна гэж Ерөнхийлөгч хэлж байгаа. Улаанбаатарт 35 тэрбум төгрөг хэрэгтэй байхад 20 тэрбумыг үлдээгээд 15 тэрбумыг хөдөө явуулахад миний сонгогчид дургүй байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав: -Ч.Сайханбилэг гишүүн намайг төсөв хууль зөрчөөгүй байна гэж хэллээ гэж байна. Ирэх оны Төсвийн тухай хууль бусад хуулийг зөрчиж Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байна гэж Ерөнхийлөгч үзсэн. Хуулийн хувьд зөрчилгүй болгох өнгөлөн далдлалт хийсэн ч тэр нь зөрчилтэй байна. УИХ-ын гишүүд улсын нийтлэг эрх ашгийн төлөө хууль гаргах ёстой. УИХ-ын гишүүний энэ зарчим зөрчигдөж байна.

Гишүүн Х.Жекей: -Ардчилсан хувьсгалын 20 жил болсон ч шилжилт дуусаагүй байна. Монголын нийгэмд шийдэх асуудал олон байна. Цагаантны генералын нэг үгийг би энд хэлмээр байна. “Би эх орноосоо урваагүй. Эх орныхоо төлөө л байлдсан” гэж. Хэрэг дээрээ улаантан ч, цагаантан ч эх орныхоо төлөө л гэж явсан. Түүн шиг Ерөнхийлөгч ч, бид ч эх орныхоо төлөө л байна. Ерөнхийлөгч хориг тавих нь гарцаагүй. Эрх зүйн зохицуулалт нь бий. Хүлээж авах эсэх нь УИХ-ын хэрэг. Мөн л эрх зүйн зохицуулалт нь бий. УИХ төсвөө хэлэлцэж батлах ёстой. Хэлэлцэж баталсан. Ийм л байна гэв. Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын гишүүн байхдаа 500 сая төгрөгөөрөө тойрогтоо юу хийсэн тухай баримтыг ч гаргаж тавив. Тэрбээр тойргийн мөнгөөрөө баахан худаг гаргуулсан гэлээ. Мөн Ерөнхийлөгч болоод хүн шагнахгүй гэчихээд 100 гаруй хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 620 гаруй хүнийг Алтан гадас одонгоор хавтгайруулан шагнасан, амлалтаасаа няцсан гэж байв. Үүний дараа санал хураахад 13 гишүүний 11 нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй юм.

No comments:

Post a Comment