Friday, May 21, 2010

Бразил могойн цуглуулгаа түймэрт сүйрүүлэв


Бразилийн Сан Паула хотын эрдэм шинжилгээний хүрээлэн 80 000-аад могой, аалз, хилэнцэт хорхойн цуглуулгаа түймэрт сүйрүүлжээ.
Бутантаны Хүрээлэнгийн ивээн тэтгэгч, бразилийн эрдэмтэн Франсиско Франко “Ялган төрөлжүүлсэн нийтдээ 77 000 могой, төрөлжүүлэх ажиллагаа хийж байсан 5000 гаруй байсан юм. Бразилийн бүх мэдлэг энд байлаа. 100 жилийн түүхтэй байсан юм шүү” гэж ярьжээ.
Франко энэхүү цуглуулгыг магадгүй дэлхийн хамгийн том нь байсныг онцлон тэмдэглэжээ.
Бутантаны хүрээлэнгийн захирал Отавио Меркаданте “Нөхөж болшгүй хохирол учирлаа” гэж хүлээн зөвшөөрчээ.
Могой, хорхой шавьжийг вакцин болон фармацевтийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулах хор ялгаруулан авахад ашигладаг байжээ. Мөн эрдэмтэд эдгээр хорхой, шавьжийн байгаль дахь хувьслыг судлахад ашигладаг байсан байна.
Хорхой шавьжийн цуглуулгыг галд өртөмтгий шингэнд хадгалж байсан нь түймрийг улам дэвэргэсэн тул унтраах аргагүй байсан юм гэж түймэр унтраагчдын нэгэн ажилтан учирлан ярьжээ.
Өнгөрөгч бямба гаригт гарсан энэ түймэрт байшингийн нөгөө хэсэгт байсан амьд могой, шавьж өртөөгүй байна.
Folha de Sao Paulo сонинд цагдаагийнхан түймэр гарсан шалтгааныг судалж байна гэж мэдээлжээ.
600-700 ам дөрвөлжин м. талбай бүхий уг барилгын 75 хувь нь түймэрт шатсаныг түймэр унтраагч албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: BBC Mundo

Адал явдалт, авто аялалд оролцоорой


“Аялагч”, “Off-Road Mongolia” клубүүд хамтран дотоодын жуулчид болоод авто аялал сонирхогчдын дунд “MONGOLIA TROPHY” адал явдалт авто аяллыг цуврал болгон зохион байгуулахаар болжээ. Аялал энэ сарын 26-30-ны хооронд “Хаг-Туул гол 2010” чиглэлд “Өөрийгөө сорьцгооё” уриан дор болох аж. Энэхүү аялал нь орчин үеийн хөгжлийн алхаанд амрах чөлөөгүй ажиллаж буй завгүй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажлын стрессээ тайлах хамгийн шилдэг сонголт байх юм. Байгалийн аялал жуулчлалыг дотоодод хөгжүүлэх, эх орныхоо үзэсгэлэнт газар орныг нээж, тэдгээрт хүрч очих зарим бартаат авто замыг дотоод, гадаадын жуулчдад нээлттэй болгоход тусална. Мөн бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд аялах, хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туслах зорилготой гэж аяллыг зохион байгуулагчид ярьж байна.
Аяллын ивээн тэтгэгчээр “Таван Богд Моторс” ХХК, IronMan 4Ч4, Уулын дугуйн аялагчдын клуб хамтран ажиллаж байгаа аж. Аяллын үеэр олон төрлийн хөгжөөнт, спорт тоглоом тэмцээнүүд зохиож, нийлбэр дүнгээр эхний гурван байр эзэлсэн оролцогчийг ивээн тэтгэгчийн шагналаар шагнах гэнэ. Түүнчлэн эх орныхоо байгалийн сайхан, түүх, дурсгалт газруудыг нээж өөрийгөө сорих уриатай аялал маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд сурталчлах зорилгыг давхар агуулж байгаа юм. Тиймээс аяллыг цуврал нэвтрүүлэг болгон NTV телевиз, ФМ Радио суваг болон интернэт хуудсаар сурталчлах юм байна. Иймд өөрийгөө сорихыг хүссэн хүн бүхэн энэхүү авто аялалд нэгдэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ayalagch.com/ хаягаар болон 96023939, 96623939 утсаар авч болох юм байна.

Монакогийн талбарт Алонсо хамгийн хурдан нь байв


Ирэх амралтын өдрүүдэд Монакогийн нийслэл Монте Карло хотод болох “Формула нэг”-ийн энэ улирлын зургаа дахь гараа болох Монакогийн гран-при уралдаанд Фернандо Алонсо нэгийг дуулгах бололтой. Тэрбээр уралдааны өмнөх бэлтгэлийн хоёр гараанд хоёуланд нь түрүүлсэн байна. Пүрэв гаригийн өглөө болсон эхний бэлтгэл гараанд дэлхийн хошой аварга Алонсо нэг тойрог замыг нэг минут, 15,927 секундэд туулж, тэргүүлсэн бөгөөд түүний араас “Red Bull”-ын Себастьян Веттель, “Renault”-гийн Роберт Кубика нар хурдалжээ. Харин үдээс хойш болсон хоёр дахь гараанд испани эр нэг минут, 14,904 секундын амжилтаар тэргүүлж, энэ улирлын уралдаан, тэмцээн эхэлснээс хойш бэлтгэл хоёр гараанд хоёуланд нь түрүүлсэн анхны нисгэгч боллоо.
Хоёр гарааны дүнгээр хоёрдугаарт Нико Росберг, гуравдугаарт Веттель орсон бол Алонсогийн багийн анд Фелипе Масса дөрөвт, Монакогийн гран-прид таван удаа түрүүлж байсан Михаэль Шумахер тавдугаарт бичигджээ. Харин өнгөрсөн хоёр жил дараалан Монакогийн гараанд түрүү авсан “McLaren” багийн хослол болох Льюис Хэмильтон, Женсон Баттон нар долоо болон есдүгээр байрыг, харин Марк Уэббер аравдугаар байрыг эзэлсэн байна.
Монакогийн гран-при уралдаан ирэх ням гаригт болох бөгөөд тамирчид 260,52 км замд уралдана.

“Red Bull” Веттелийн шассиг солино


“Red Bull” баг герман нисгэгч Себастьян Веттелийн шасси /машины эд анги, машины арал/-г ирэх долоо хоногт болох Туркийн гран-пригийн үеэр солих гэнэ. Учир нь өнгөрөгч амралтын өдрөөр Монакод уралдсан шассигийн гэмтлийг олсон байна.
Багийн дарга Кристан Хорнер хэлэхдээ энэ өөрчлөлтийг аюулгүй байдлын үүднээс хийж байгаа, бид Веттелийн шассид байсан гэмтлийг олж тогтоосон гэжээ.

Веттелийн багийн анд Австрали нисгэгч Марк Уэббэр өнгөрсөн хоёр гран-прид түрүүлж, Веттель удаалсан билээ. Герман нисгэгч ингэснээр нийлбэр дүнгээр хоёрт жагсч байгаа бөгөөд оноо ижил хэдий ч уралдаанд илүү түрүүлсэн гэдгээр Марк Уэббэр түрүүнд бичигдэж байгаа юм.
Хорнерийн хэлснээр уралдааны дараа үйлдвэр дээр очиж, машиныг үзлэгт оруулснаар гэмтлийг олж тогтоосон байна. Уралдааны үеэр Веттель жолоодлогод асуудал байна шүү гэж багийнхандаа хэлж байж.

Түүнчлэн 22 настай Герман нисгэгчийн Истанбулд уралдах шасси нь цоо шинэ зүйл биш бөгөөд улирлын эхэнд ашиглаж байсан гэнэ. Туркт өнгөрсөн жил Баттон түрүүлж, Уэббэр, Веттель нар түүний ард барианд орж байсан юм. Гэвч энэ жил “Red Bull” дэлхийн аварга болох магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байгаа. Зохион бүтээгчдийн цомд хэдийнээ тэргүүлээд эхэлсэн билээ.

Англичууд 2018 оны “Дэлхийн цом”-ыг мөрөөдөж байна


2018 оны хөлбөмбөгийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион явуулахаар өрсөлдөж буй Англичууд өөрсдийн төслөө Олон улсын хөлбөмбөгийн холбоонд өргөн барилаа. 2007 оноос хойш боловсруулсан 63 хуудас бүхий өөрсдийн төслийг хөлбөмбөгийн эх орныг төлөөлөн шилдэг хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм өргөн барьжээ. 2010 оны “Дэлхийн цом” хар тивд, 2014 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн Латин Америкт болох учраас дараагийн тэмцээн “Хөгшин тив” юм уу, Ази тивд зохион байгуулагдах магадлал өндөр юм. Тийм ч учраас “Хөгшин” тивийн Англи, ОХУ, болон хөрш Бельги-Голланд, Испани-Португаль гэсэн улсууд энэ өрсөлдөөнд ороод байгаа. Тэдэнтэй “Ногоон” тивийн Австрали, АНУ-ын зохион байгуулах хороонд өрсөлдөж байна.
2018 онд Европ тивийн улсууд ялах магадлал өндөр учраас Ази тивийн Япон, БНСУ болон Катарын зохион байгуулах хороод зөвхөн 2022 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн байна. 1966 онд “Дэлхийн цом”-ыг хүлээн авч байсан хөлбөмбөгийн эх орон 2018 он болон 2022 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион явуулах өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдож байгаа бөгөөд хэрэв тэд ялсан тохиолдолд “Дэлхийн цом”-ыг хоёр удаа зохион байгуулсан зургаа дахь улсаар тодрох юм. Олон улсын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн 21 болон 22 дахь удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион явуулах улсуудыг энэ оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зарлах юм.

“Барса” Вильяг авахаар ярилцаж байна


Испанийн аварга “Барселона” клубын ерөнхийлөгч Жоан Лапорта Ла лигийн өрсөлдөгч “Валенсия” клубын довтлогч Дэвид Вильяг багтаа авахаар тус клубын удирдлагатай ярилцаж буй тухайгаа мэдэгдлээ. Зуны арилжаа, наймаа эхэлж буй энэ үед Каталаны клубын багтаа авах сонирхолтой байгаа тоглогчдын жагсаалтын тэргүүн эгнээнд Вилья бичигдэж байгаа юм.
“Барселона” клубын албан ёсны цахим хуудсанд “Бид одоогоор ярилцаж байгаа. Гэхдээ хэрэг явдал урагштай байна. Асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт бид хувьдаа итгэлтэй байгаа” хэмээн Лапорта мэдэгджээ.
Өнгөрсөн улиралд Вилья, “Барса” нарын хооронд дээрхийн адил асуудал өрнөж байсан боловч хоёр багийн удирдлага зөвшилцөж чадаагүй учир наймаа бүтээгүй юм. Харин Вилья дахин нэг улиралд “Валенсия”-д амжилттай тоглож, 29 гоол орууулснаас гадна Ла лигийн хүснэгтийн гуравдугаарт шалгарахад багтаа чухал хувь нэмэр орууулснаар “Барса” түүнийг багтаа урвуулахаар дахин сэтгэл шулууджээ.
“Барса”-гийн арилжаа, наймаатай холбоотой бас нэгэн мэдээлэл дуулгахад тус клубын удирдлага аргентин хамгаалагч Габриэль Милитотой гэрээгээ сунгаж, 2012 он хүртэлх хүчинтэй байх гэрээг хоёр тал үзэглэсэн байна.

Севилья Испанийн цомын эзэн боллоо


Испанийн “Севилья” клуб өнгөрсөн шөнө Барселон хотын Ноу Кэмп цэнгэлдэхэд “Атлетико Мадрид”-ыг 2:0 харьцаатай хожсоноор Испанийн цомын аваргаар тодорлоо. Тэд ийнхүү түүхэндээ тав дахь удаагаа, сүүлийн дөрвөн жилд хоёр дахь удаагаа Испанийн цомын эзэн болж байгаа юм. Диего Капел тооны харьцааг нээж, улмаар Навас ялалтын гоолыг оруулснаар “Севилья” өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан байна. Харин “Атлетико” өнгөрсөн долоо хоногт “Фулхэм”-ийг хожиж, аваргалсан Европын лигийн цомоо хос болгох боломжоо алдлаа.

Өмнөд Африкийн шигшээ



Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он:
1991
Холбооны ерөнхийлөгч: Кирстэн Нэматандани
ОУХБХ-д элссэн он: 1992
Ерөнхий дасгалжуулагч: Карлос Албэрто Пэррэйра (Бразил)
Багийн ахлагч: Аарон Мокуна
Шигшээдээ олон тоглосон: Аарон Мокуна-94
Олон гоол оруулсан: Бэнни МакКарти-32
Одоогийн чансаа: 85
Хамгийн өндөр чансаа: 16 (1996 он)
Анхны тоглолт: Аргентин 0-1 ӨАБНУ (1906 он)
Хол зөрүүтэй ялалт: Австрали 0-8 ӨАБНУ (1955 он)
Хол зөрүүтэй хожигдол: Австрали 5-1 ӨАБНУ (1947 он)
Хоч: Бафана-Бафана (хөвгүүд)
Амжилт: 1996 оны Африкийн аварга, 1998 оны мөнгөн медальтай.
Түлхүүр тоглогч: Стивэн Пинаар

Мексикийн шигшээ


Хөлбөмбөгийн холбооны байгуулагдсан он: 1927
ОУХБХ-д элссэн он: 1929
Нийслэл: Мехико
Холбооны ерөнхийлөгч: Хустидо Компеан
Ерөнхий дасгалжуулагч: Хавиер Агиррэ (Бразил)
Багийн ахлагч: Рафаэл Маркэс
Шигшээдээ олон тоглосон: Клаудио Суарэс – 178
Олон гоол оруулсан: Харэд Борхэтти– 46
Одоогийн чансаа: 17
Хамгийн өндөр чансаа: 4 (1998, 2006 он)
Анхны тоглолт: Гватэмал 2-3 ӨАБНУ (1923 он)
Хол зөрүүтэй ялалт: Мексик 13-0 Бахамын арлууд (1987 он)
Хол зөрүүтэй хожигдол: Англи 8-0 Мексик (1961 он)
Хоч: Гурван өнгөтнүүд
Амжилт: 8 удааа тивийн аваргад түрүүлсэн, 1970, 1986 Дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байсан, 1999 оны Тив хоорондын цомын аварга,
Түлхүүр тоглогч: Рафаэл Маркэс